2021 оны 01-р сарын 26, Мягмар гариг
Хэвлэх

Танилцуулга

Танилцуулга

Баян-Өлгий аймагт Ахуйн үйлчилгээний байгууллага анх 1941 оны 8 сард үйлдвэрлэлийн нэгдэл нэртэйгээр байгуулагдсан түүхтэй байна. 1958 онд тус аймагт 5 хүний нийтийн халуун ус, халаалтын анхны захиргааны нэртэй уурын зуух ашиглалтанд орсонтой холбогдуулан аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дэргэд Үйчлэх товчоог тусгай орон тоотой байгуулан ажиллуулсан байна.

БНМАУ-ын СнЗ–ийн 1972 оны 57 дугаар тогтоолоор Үйлдвэр хоршоодын холбоог хоршооллын байгууллагаас улсын байгууллага болгон үйлчлэх товчоотой нэгтгэж, аймгийн НААҮ-ний газар болгон зохион байгуулан, аймгийн төв болон бүх сумдын ахуйн үйлчилгээг хариуцуулсан байна.

Үйлдвэрлэл үйлчилгээг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх үүднээс 1988 онд НААҮУГазар болон зохион байгуулагдаж, дотроо Ахуй үйлчилгээний болон НАА-Барилга засварын гэсэн хоёр хэлтэстэй болсон. 1990 оноос зах зээлийн шилжилтийн үе эхэлж Ахуй үйлчилгээ, Барилга засварын хэсэг нь задарч хувьчлагдан НААҮГазар нь ус сувгийн товчоо, орон сууц ашиглалтын контор, үйлчлэх товчоо, Мейман пүүс болж төрөлжсөн.

Аймгийн АХГЗ-ны 1992 оны 3-р сарын 26-ны өдрийн хуралдаанаас цэвэр, бохир ус, ус сувгийн шугам сүлжээний байгууламжуудыг нэгтгэсэн Аймгийн Ус сувгийн товчоог дангаар нь зохион байгуулсан байна.

1997 онд Монгол улсын ДБХЯ-ны сайдын А/10 тоот тушаал, Баян Өлгий аймгийн Засаг даргын 09 тоот захирамжаар Ус сувгийн товчоо, орон сууц ашиглалтын конторыг нэгтгэн НААҮГазар болгон дахин зохион байгуулагдсан.

Монгол улсын Засгийн газар ба Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ хооронд Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг хөгжүүлэх төслийн Меморандум, ДБХЯ-ны 1999 оны 1/1445 тоот албан бичиг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮГазрын А/14 тоот тушаалаар төсөлд хамрагдах НАА-н байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, ХХКомпаний хэлбэрт оруулж ажиллуулах шийдвэр гаргасан юм. Ингээд 1999 оны 9-р сарын 21-нд НААҮ-ний “Суат” нэртэй ХХКомпани байгуулагдсан байна.

“Суат” ХХК нь одоогоор үндсэн 60 ажилчин, түрээсийн 15 ажилчин нийт 75 ажиллагсадтай эх үүсвэрийн 3 худгаар хоногт 1900м3 ундны болон ахуйн хэрэглээний ус олзворлож, 2-р өргөлтийн станцаар дамжуулан хэрэглэгчдэд цэвэр ус түгээж, мөн 1300м3 бохир ус татан зайлуулж, жилдээ нийт 185 байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, 1688 орон сууцны оршин суугчид, гэр хороололын айл өрхийг цэвэр усаар хангаж, ахуйн болон үйлдвэрийн бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаа явуулж байна.